СҮҮ ХК СҮҮ 2.0 ҮЙЛДВЭРЭЭ АШИГЛАЛТАНД ОРУУЛЛАА

Монгол Улсын ууган сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн нэг “Сүү” ХК Сүү 2.0 шинэ үйлдвэрээ албан ёсоор ашиглалтад оруулж, хоногт сүү боловсруулах хүчин чадлаа 200 тонноос 400 тонн болгон хоёр дахин нэмэгдүүллээ. Дэвшилтэт технологи, бүрэн автомат тоног төхөөрөмж бүхий энэхүү үйлдвэр нь бүтээгдэхүүний чанар, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг хангах үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлэх зорилготой юм.

Нийт 2,590.6 м² барилгажих талбай бүхий Сүү 2.0 үйлдвэрт түүхий сүү хүлээн авахаас эхлээд боловсруулах, ариутгах, савлах хүртэлх үндсэн дамжлагыг нэг цогц системд нэгтгэжээ. Ингэснээр үйлдвэрлэлийн үе шат бүрд технологийн горимыг тогтвортой мөрдөх, чанарын хяналтыг сайжруулах, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг жигд хангах боломж бүрдсэн байна.

Шинэ үйлдвэрт Германы GEA, Шведийн Tetra Pak, Финландын Elecster, Италийн FENCO, Францын SERAC зэрэг олон улсын үйлдвэрлэгчдийн тоног төхөөрөмжийг суурилуулжээ. Мөн асептик үйлдвэрлэлийн шугам, төвлөрсөн MCC удирдлагын систем, автомат CIP цэвэрлэгээ, ариутгалын системийг нэвтрүүлсэн байна. CIP систем нь тоног төхөөрөмж, шугам хоолойг задлахгүйгээр цэвэрлэж, ариутгах боломж олгодог бол MCC систем нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нэгдсэн байдлаар хянах, технологийн үйл явцыг удирдахад чиглэдэг. Эдгээр шийдэл нь үйлдвэрлэлийн тогтвортой ажиллагааг хангах, чанарын хяналт, үр ашгийг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.

Үйлдвэрлэлийн хүчин чадлын энэхүү өргөтгөл нь бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, дотоодын зах зээлийн нийлүүлэлтийг тогтвортой байлгахын зэрэгцээ хүүхдэд зориулсан сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлж байна. “Сүү” ХК цаашид шинэ үйлдвэрийн хүчин чадал, технологийн боломжоо бүрэн ашиглан ойрын 2–5 жилийн хугацаанд Монгол Улсын сүү, сүүн бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн хэрэгцээг бүрэн хангах зорилт дэвшүүлжээ.

1958 онд байгуулагдсан “Сүү” ХК нь 68 жилийн туршлага, мэдлэгтээ тулгуурлан үйлдвэрлэл, технологийн шинэчлэлээ үргэлжлүүлж байна. Өдгөө тус компани 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улсын хэмжээнд 21 аймгийн 7,000 гаруй борлуулалтын цэгээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэдэг. Мөн компанийн хувьцааг 16 мянган иргэн эзэмшдэг бөгөөд компанийн мэдээллээр зах зээлд нийлүүлж буй бүтээгдэхүүний эзлэх хувь дотоодын зах зээлийн 58 хувийг бүрдүүлж байна.

Компанийн үйлдвэрлэл, борлуулалтын өсөлт нь үндэсний хүнсний үйлдвэрлэл болон дотоодын түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээнд үзүүлэх эдийн засгийн нөлөөг нэмэгдүүлжээ. “Сүү” ХК-ийн жилийн цэвэр борлуулалт сүүлийн таван жилд 100 тэрбум төгрөгөөс 221 тэрбум төгрөг болж өссөн бол 2026 оны эхний есөн сарын борлуулалтын хэмжээ 200 тэрбум төгрөгт хүрсэн байна. Харин 2025 онд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ 83 сая ширхэгт хүрчээ.

Мөн тус компани малчин, фермерүүдээс худалдан авах түүхий сүүний хэмжээг нэмэгдүүлж, дотоодын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж байна. Тухайлбал, 2021 онд сүү худалдан авахад 17.6 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2025 онд энэ үзүүлэлт 67.6 тэрбум төгрөг болж өсжээ. Энэхүү худалдан авалт нь малчин, фермерүүдийн орлогыг дэмжихийн зэрэгцээ 10 мянга гаруй иргэний амьжиргаа, бизнес эрхлэх боломжид хувь нэмэр оруулж байгаа юм.

Улсын төсөвт төвлөрүүлж буй татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ ч өссөн байна. 2022 онд нийт 4.3 тэрбум төгрөг төлж байсан бол 2026 оны эхний есөн сарын байдлаар уг дүн 13.4 тэрбум төгрөгт хүрчээ. Шинэ үйлдвэр ашиглалтад орсноор үйлдвэрлэл, борлуулалтын өсөлтийг үргэлжлүүлэх, цаашдын эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх үйлдвэрлэлийн суурь бэхжиж байна.

Сүү 2.0 төсөл нь “Хүнсний хувьсгал”, “Атрын IV аян”-ы бодлогын хүрээнд хөдөө аж ахуйн салбарын хөнгөлөлттэй санхүүжилтийн дэмжлэгтэйгээр хэрэгжсэн. Төслийн хүрээнд 2023 оноос нийт 58 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч, өнөөдрийн байдлаар 30 тэрбум төгрөгийг эргэн төлөөд байна. Үлдэгдэл 28 тэрбум төгрөгийн зээлийг гэрээний дагуу эргэн төлөхөөр ажиллаж байгаа аж.

Ийнхүү Сүү 2.0 үйлдвэр ашиглалтад орсноор “Сүү” ХК-ийн сүү боловсруулах хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, технологийн шинэчлэлд суурилсан үйлдвэрлэлээ өргөжүүлэх боломж бүрдлээ. Тус компани шинэ үйлдвэрийн хүчин чадал, дотоодын түүхий эдийн нийлүүлэлт, өргөн хүрээний борлуулалтын сүлжээнд тулгуурлан чанартай сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд тогтвортой хүргэх, үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилтоо хэрэгжүүлж байна.

“Эрүүл монгол хүний төлөө” уриатай “Сүү” ХК-ийн Сүү 2.0 төсөл нь компанийн олон жилийн туршлагыг орчин үеийн технологитой хослуулсан бүтээн байгуулалт бөгөөд Монгол Улсын сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн томоохон алхам болж байна.

Menu

  • Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 29-р хороо, Үйлдвэрчдийн гудамж, Сүү хувьцаат компани байр

  • Утас: 7707-2222