Монголоос “Милан–Кортина 2026” хүртэлх зам

2026.03.10

“Милан–Кортина 2026” өвлийн паралимпын наадам эхэллээ. Энэ 3-р сарын 6–15-ны өдрүүдэд Итали улсад зохион байгуулагдаж буй тус наадамд Монгол Улсаа төлөөлөн гүйлтийн цанын төрлөөр Үндэсний шигшээ баг, “Сүү” ХК-ийн тамирчин Батмөнхийн Ганболд, Цэгмэдийн Дашдорж нар өрсөлдөж байна. Тэдний хувьд энэ удаагийн олимп зүгээр нэг тэмцээн бус олон жилийн бэлтгэл, тэсвэр хатуужил, өөрийгөө даван туулсан замналын нэгэн хэсэг билээ. 

Бусдын чадаж байгааг би ч бас…

Үндэсний шигшээ багийн тамирчин Цэгмэдийн Дашдорж гүйлтийн цанын спортоор Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд сурагч байхдаа 2015 онд хичээллэж эхэлжээ. Тэр цагаас хойш уйгагүй хөдөлмөрлөж, Солонгосын Пёнчанд зохион байгуулагддаг хөтөлбөрт хамрагдан ур чадвараа ахиулсаар өдгөө найм дахь жилдээ энэ спортоор хичээллэж байна.

Түүний хувьд Бээжин-2022 паралимпын эрхийн төлөөх зам хамгийн хүнд сорилтуудын нэг байв. Шигшээ багтаа нэгдсэн 2020 оноос эхлэн олимпын эрх авах зорилгоор бэлтгэж, олон тэмцээнд оролцсон ч эрх нь урт хугацааны хүлээлт байжээ.

“Сүүлчийн эрх олгох тэмцээн Шведэд болсон Дэлхийн цомын уралдаан байсан. Тэр үед 20 км-ийн зайд тавдугаар байрт орж, маргааш нь Бээжингийн паралимпын эрхээ авч байсан. Тэр мөч бол миний бүх хичээл зүтгэл биелсэн мөч байсан” хэмээн тэрээр дурсдаг.

Өдөрт гурван удаагийн бэлтгэлээ хийж, зүрхний цохилтоо хүртэл хянаж байж л амжилтад хүрнэ. Зүгээр байж байгаад олимпод орно гэсэн ойлголт байхгүй.

Ц.Дашдоржийн хэлснээр олимпын наадамд оролцоно гэдэг нь зөвхөн авьяас бус, асар их хөлс, хөдөлмөр, сахилга шаарддаг. Түүнд төрөлхийн гарын онцлогоосоо болж хүүхэд насандаа шоглуулж, шоолуулж, өөртөө итгэх итгэлээ гээж явсан гашуун үе ч бий. Тиймээс тэр урт ханцуйтай хувцас өмсөж, гараа нууж явдаг байжээ. Харин олон улсын тэмцээнд оролцож, өөрөөс нь илүү хүнд бэрхшээлийг даван туулж буй тамирчдыг хараад өөртөө итгэх итгэл нь улам нэмэгдсэн байна.

Пара гэдэг үг бол ‘зэрэгцээ’ гэсэн утгатай. Бусдын хийж чаддаг зүйлийг би ч бас хийж чадна гэсэн зарчмаар бэлтгэлээ хийдэг.


Миний оргил цэг

Монголын гүйлтийн цанын шилдэг тамирчдын нэг Бөтмөнхийн Ганболд 2011 онд Говьсүмбэр аймагт коллежид сурч байхдаа энэ спорттой танилцжээ. Тухайн үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүнээр дамжин шигшээ багийн дасгалжуулагчтай танилцаж, гүйлтийн цанаар хичээллэх санал авч байв.

Тэрээр өмнө нь хурдан морь унадаг байсан бөгөөд ослын улмаас гараа тайруулсны дараа гүйлтийн цанын спорт руу орох шинэ зам нээгдсэн байна. 

Би экстрэм зүйлд дуртай хүн. Гүйлтийн цана чинь уруугаа 50–60 км хурдтай явж байгаад огцом эргэлт хийдэг, адал явдал ихтэй спорт учраас сонирхоод орж байсан.

2012 онд Үндэсний шигшээ багт орсон тэрээр удалгүй АНУ-д болсон ангилал тогтоох тэмцээнд мөнгөн медаль хүртэж, энэ спортод илүү дурлах болсон байна. Үүний дараа 2013 онд Шведэд болсон Дэлхийн аваргад 18-р байр эзэлж, Сочи-2014 паралимпын эрхээ авсан нь түүний анхны олимпын гараа байв.

Б.Ганболдын хувьд Милан–Кортина 2026 бол дөрөв дэх паралимп нь юм. Өмнөх гурван олимп нь бүгд Азид болсон бол энэ удаа Европ тивд болж буйгаараа онцлог.

Олимпод оролцоно гэдэг өөрөө асар том амжилт. 200 гаруй улсын дунд Монголын далбааг бариад алхана гэдэг тамирчин хүний хувьд хамгийн том бахархал.

Тамирчны замналд бэртэл гэмтэл, хүнд бэлтгэл ч бас салшгүй дагалддаг. Тэрээр өвдөгний холбоосоо гэмтээж байсан ч бэлтгэлээ орхилгүй үргэлжлүүлжээ. Мөн өвлийн -30 градусын хүйтэнд өглөө бүр бэлтгэлд гарна гэдэг амаргүй. Гэвч дуртай зүйлээ хийж байгаа учраас шантрахгүй урагшилж чадсан гэдгийг тэр онцолдог.

Би 14 жилийнхээ хөдөлмөрийг олимпод зориулсан. Одоо энэ бүх хугацааны үр дүн хаана гарч ирэхийг харах л үлдэж байна.

Паралимпын наадам бол зөвхөн спортын тэмцээн биш. Энэ бол хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй, тэсвэр хатуужил ялагдашгүй байдгийг дэлхийд харуулдаг их тайз. “Сүү” ХК-ийн тамирчин Батмөнхийн Ганболд, Цэгмэдийн Дашдорж нарын хувьд энэ тайзанд хүрэх зам амар байгаагүй. Олон жилийн хөдөлмөр, тэсвэр, тэвчээр, шаргуу тэмцлийн ард тэдний амьдралын бодит түүх, даван туулсан бэрхшээл бүр оршиж буй. Тиймдээ ч тэдний алхам бүр зөвхөн медалийн төлөөх өрсөлдөөн бус итгэл, найдвар, хүсэл мөрөөдлийн төлөөх ялалтыг илэрхийлж байдаг.

Энэхүү замнал хүн бүрт “боломж хязгааргүй” гэдгийг дахин сануулна гэдэгт итгэл дүүрэн байна.



Menu

  • Address: "SUU" Joint Stock Company Labor union street - 37, Songinokhairkhan district, Ulaanbaatar Mongolia

  • Phone: 7707-2222

  • Email: contact@mongolmilk.mn