Сүү ХК-ийн тамирчин Идэрийн Цэлмүүн 2025 оны Ази тивийн сурагчдын 19 дэх удаагийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд гурван төрөлд дараалан түрүүлж, Ази тивийн гурван төрлийн аварга цолыг нэгэн зэрэг хүртэн түүхэн амжилт бүтээлээ.
2025 оны аравдугаар сарын 25-наас арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан тус тэмцээнд Ази тивийн 16 улсын 677 өсвөрийн шатарчид оролцож, стандарт, рапид болон блиц төрлөөр оюун ухаанаа сорин өрсөлдсөн юм. Энэхүү нэр хүндтэй тэмцээнд Монгол Улс нийт 14 медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүлсэн нь шатрын спортын хөгжлийн нэгэн шинэ хуудсыг нээсэн үйл явдал боллоо.
Харин тэр дундаас хамгийн тод ялалт нь Монголын бяцхан шатарчин, Сүү ХК-ийн тамирчин Идэрийн Цэлмүүнд оногдож байна. Тэрээр гурван төрөлд дараалан түрүүлж, нэгэн зэрэг гурван аваргын цол хүртсэн Монголын анхны сурагчдын нэг болж, Монголын шатрын спортын түүхэнд онцгой амжилт нэмлээ. Стандарт төрөлд стратеги, алсын хараа, хянуур бодолт, нарийн тооцоогоор өрсөлдөгчдөө ялж чадсан бол, түргэвчилсэн болон түргэн төрлүүдэд хурд, шийдвэрийн мэдрэмж, сэтгэлзүйн хяналтаараа бусдыг илүүрхэж чаджээ.

Сүү ХК олон жилийн турш зөвхөн үйлдвэрлэлээрээ бус, боловсрол, спорт, оюуны хөгжлийг дэмжигчийн хувьд уг спортод бахархалтай оролцож ирсэн. Энэ ч утгаараа Идэрийн Цэлмүүн бол “Итгэл, хөдөлмөр, хариуцлага” гэсэн үнэт зүйлсийг бодитоор илэрхийлж буй тамирчин. Түүний ялалт бол Сүү ХК-ийн хамт олон, түүний гэр бүл, дасгалжуулагч, Монголын шатрын холбоо гээд олон хүний итгэл, дэмжлэг, зүтгэлийн үр дүн юм.

Иймээс оюунаараа Монгол Улсын нэрийг мандуулж буй бяцхан аваргадаа болон түүнийг дэмжиж, ур ухаанаа зориулсан багш, гэр бүл, хамт олонд нь чин сэтгэлийн баяр хүргэж байна. Монголын ирээдүйг гэрэлтүүлэх залуу оюун ухаанд итгэе, тэдний ялалт бол бид бүгдийн бахархал билээ.