“Сүү” ХК-ийн Сорилтын лаборатори “MNS ISO/IEC 17025:2018” шаардлагыг хангаж, Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/170 тоот тушаалаар 4 жилийн хугацаатай давтан итгэмжлэгдэн, итгэмжлэлийн гэрчилгээгээ хүлээн авлаа.

Сорилтын лаборатори нь 2000 оноос хойш 10 дахь удаагаа олон улсын стандартын шаардлагад нийцсэн лаборатори гэдгээ ийнхүү баталгаажуулж байна.

Үйлдвэрлэлийн түүхий эд хүлээн авахаас бэлэн бүтээгдэхүүн болох хүртэлх бүхий л үйл ажиллагаанд тус лаборатори нь чанар, эрүүл ахуйн хяналт, химийн болон нянгийн шинжилгээ хийж баталгаажуулдаг билээ.

“Сүү” ХК-ийн тухайд

Монгол Улсын ууган үйлдвэр “Сүү” ХК нь 1958 онд нийслэлийн хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор 30 тонн сүү боловсруулах хүчин чадалтайгаар анх байгуулагдаж байсан түүхтэй. Эдүгээ бид 500 гаруй ажилчинтай, хоногт 130-180 тонн сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтайгаар 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн 4000 цэгт хүрч, зах зээлд нийлүүлж байна. Бид Улаанбаатар хот орчим болон Төв, Дархан, Сэлэнгэ, Орхон, Хэнтий аймгуудын нийт 30 гаруй чиглэлийн 2500 гаруй малчид, фермерүүдээс жилийн дөрвөн улирал тасралтгүй сүүгээ цуглуулан авдаг. 2021 оноос малчдыг хоршоожуулах хөтөлбөр хэрэгжүүлж, өдгөө 12 малчны хоршоо байгууллаа. Ирэх 2023 онд 10-13 орчим хоршоог шинээр байгуулахаар төлөвлөсөн юм. Түүнчлэн 2015 онд “Макс Агро” эрчимжсэн мал аж ахуйн фэрмийг байгуулж, тус чиглэлээр салбартаа тэргүүлж байна.

Сэтгэгдэл үлдээх