Сүү ХК-ийн бэлтгэн нийлүүлэгчдийн дунд зохион явуулсан “60 жил-60 азтан” сугалаат хөтөлбөрийн 4 дэх буюу сүүлийн тохирол амжилттай явагдаж, 15 азтан шалгарсан бөгөөд компанийн төв байранд хүрэлцэн ирж шагналаа хүлээн авлаа. Энэ удаагийн тохирлын супер шагнал болох Даюун брэндийн мотоциклыг Рашаант чиглэлийн бэлтгэн нийлүүлэгч Д.Батчимэг хожсон бол Гольштейн үүлдрийн бухын эзнээр Төв аймгийн Батсүмбэр сумын малчин Д.Лхагвасүрэн нар тодорлоо. Бусад азтангууд МАА-даа хэрэгцээтэй гар хадуур, бидоны сэт, эрдэнэшишийн дарш, бензин түлшний эрхийн бичиг, зохиомол хээлтүүлгийн үйлчилгээ гэх зэрэг шагналын эзэд боллоо.
Шалгаруулалтын 4 дэх буюу сүүлийн тохирол TВ9 телевизийн шууд эфирээр 2019 оны 3-р сарын 13-ны өдөр цацагдаж, фэйсбүүк хуудсаар давхар дамжуулалт хийсэн юм.
Сүү ХК зургаан аймгийн 2500 орчим бэлтгэн нийлүүлэгч, фермерүүдтэй амжилттай хамтран ажиллаж, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ явуулж байна. Сүү ХК нийгмийн хариуцлагын бодлогынхоо хүрээнд бэлтгэн нийлүүлэгч малчид, фермерүүдээ мэдээ мэдээллээр хангах, чадавхжуулах сургалтууд зохион байгуулж, өрхийн амжиргаанд шаардлагатай бүтээгдэхүүн нийлүүлэх зэргээр тогтмол дэмжин ажилладаг. Мөн урамшуулах хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн хувьд тус хөтөлбөр нь компанийн түүхт 60 жилийн ойн хүрээнд хийгдсэн ажлуудын нэг болсон юм.