
Авлигатай тэмцэх газраас “Сүү” ХК-ийн хамт олонд авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмд шударга ёсыг тогтоох үйлсэд идэвх зүтгэл гарган ажилласанд талархал илэрхийллээ.
Авлигын бүх төрлийн хэлбэр зөвхөн төрийн байгууллагад бус хувийн хэвшлийн компаниудад ил далд хэлбэрээр агуулагдаж байгааг дурдан, нийгмийн хөгжилд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байна хэмээн “Сүү” ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Болод энэ үеэр онцлов.
“Сүү” ХК нь өнгөрч буй 2022 онд авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлээр олон чухал ажил хийж хэрэгжүүлсэн билээ.
Тухайлбал, сүүлд авлигыг мэдээллэх “110” тусгай дугаарын сурталчилгааг борлуулалт түгээлтийн автомашинууддаа байршуулж, олон нийтэд сурталчилан таниулах ажил зохион байгуулсан. Мөн Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс зохиосон “Авлигын гэмт хэргийн шалтгаан нөхцөл” сургалтад ажилтан, менежерүүдээ хамруулсан. Тус сургалтаар ажилтан, менежерүүд сурсан мэдсэнээ ажил албандаа хэрэгжүүлсээр байна.
“Сүү” ХК-ийн тухайд
Монгол Улсын ууган үйлдвэр “Сүү” ХК нь 1958 онд нийслэлийн хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор 30 тонн сүү боловсруулах хүчин чадалтайгаар анх байгуулагдаж байсан түүхтэй. Эдүгээ бид 500 гаруй ажилчинтай, хоногт 130-180 тонн сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтайгаар 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн 4000 цэгт хүрч, зах зээлд нийлүүлж байна. Бид Улаанбаатар хот орчим болон Төв, Дархан, Сэлэнгэ, Орхон, Хэнтий аймгуудын нийт 30 гаруй чиглэлийн 2500 гаруй малчид, фермерүүдээс жилийн дөрвөн улирал тасралтгүй сүүгээ цуглуулан авдаг. 2021 оноос малчдыг хоршоожуулах хөтөлбөр хэрэгжүүлж, өдгөө 12 малчны хоршоо байгууллаа. Ирэх 2023 онд 10-13 орчим хоршоог шинээр байгуулахаар төлөвлөсөн юм. Түүнчлэн 2015 онд “Макс Агро” эрчимжсэн мал аж ахуйн фэрмийг байгуулж, тус чиглэлээр салбартаа тэргүүлж байна.