1958 оны 12-р сарын 31-ний өдөр байгуулагдсан Монгол улсын ууган үйлдвэр Сүү Хувьцаат компанийн түүхт 60 жилийн ой 2018 онд тохиож хэрэглэгч, харилцагч, нийгэм олон нийт рүү чиглэсэн олон ажил зохион байгуулсны нэг нь нийслэл болон орон нутгаас хамгийн олон хүн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тогтмол авдаг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасгийн сувилагчийн постыг тохижуулсан юм.

Тус тасаг нь 1988 онд үүсгэн байгуулагдсан ба жилд дунджаар 3000 гаруй охид, эмэгтэйчүүдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж, 38-40 төрлийн том хэмжээний мэс засал, 14 төрлийн жижиг мэс ажилбаруудыг тогтмол хийхээс гадна жилдээ 1100 гаруй эмэгтэйчүүдэд төлөвлөгөөт хагалгаа хийж, 2000 гаруй хүнээс эмгэг, эд эсийн шинжилгээ аван, оношлогоо, эмчилгээг хийдэг байна.

Сувилагчийн пост нь тус тасагт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдийн хувьд даралт болон биеийн жингээ үзэж, цэвэр ус авах, телевиз үзэх, эмч сувилагчдаас эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөгөө, тасгийн бүхий л мэдээ мэдээллийг нэг дороос цогцоор нь авдаг хамгийн чухал хэсэг юм. Энэхүү хэсгийг эмнэлгийн стандартад нийцүүлэн иж бүрнээр нь тохижуулсныг өнөөдөр Сүү ХК-ийн гүйцэтгэх захирал М.Мандхай хүлээлгэн өгч цаашид ч мөн нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, эмэгтэйчүүдэд чиглэсэн олон ажлыг авч хэрэгжүүлэхээ илэрхийллээ.
2018 онд Сүү ХК-ийн түүхт 60 жилийн ой тохиосноос гадна ЭХЭМҮТ түүхт 90 жилийн ойгоо мөн тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.