“Сүү” Хувьцаат Компани Монголын хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй бөгөөд 2022 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар компанийн цэвэр борлуулалтын хэмжээ 53.4 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 2.3 тэрбум төгрөгөөр өссөн бөгөөд компанийн хувьцаа эзэмшигчдийн тоо 5269-д хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 28.5 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байлаа. Компанийн хувьцааны ханш өнгөрсөн оны мөн үеийн жишгээр 520 төгрөг байгаа бол зах зээлийн үнэлгээ 117.3 хувиар нэмэгдэж, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 178.6 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Хил гаалийн орио цээр болон дайны нөхцөл байдлаас шалтгаалсан транзит ачаа тээврийн зардал, гадаад болон дотоодоос авч буй түүхий эд, сав баглааны үнийн өсөлт, ханш болон түлшний өсөлт зэрэг нь зөвхөн Сүү ХК-ийн цэвэр ашигт нөлөөлөх бус нийт аж ахуй нэгж болоод улс орны эдийн засагт нөлөөж буйг дурдан тайлбарлалаа.
Хагас жилийн тайван тавих үеэр зочдоос санал болон асуулт ирсэн бөгөөд “Сүү” ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Болод хариу өгөн өөрсдийн үйл ажиллагаанд баримтлах зорилго чиглэл хийх гэж буй төлөвлөгөөг онцлон дурдлаа. Үүнд:
Хүнсний салбар ялангуяа сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарын компаниуд хамтран нэг зорилго чиглэлд нэгдэн сүү бэлтгэлийн нэгдсэн системийг бий болгон хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэйг хэллээ. Мөн сүү сүүн бүтээгдэхүүний чанар стандартыг сайжруулах зорилгоор сүүний чиглэлийн үнээний үүлдрийг нутагшуулах ажлыг дэмжин ажиллахыг холбогдох удирдах байгууллагууд болоод салбарын компаниудад уриаллаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаанд монгол хүний нэг өдрийн сүүний хэрэглээ байх ёстой хэмжээнээс даруй нэг дахин бага байгааг онцлон эрчимжсэн мал аж ахуй болоод сүү,сүүн бүтээгдэхүүний чанар стандартыг мөрдөн өдөр тутмын хэрэглээнд илүү хүртээмжтэйгээр нэвтрүүлэн ард иргэдийн хэрэглээнд хэвшүүлэх нь нэн тэргүүний зорилт юм. Мөн хүүхэд багачуудын тэр дундаа ЕБС-ийн “Үдийн цай” хөтөлбөрт сүүн бүтээгдэхүүний хэрэглээг тусгай хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллах нь зүйтээ гэдгийг онцоллоо.



