Аморе” зайрмагны фестивалын үеэр 1000 зайрмаг хүүхэд багачууддаа үнэгүй тараалаа

Улаанбаатар, Макс Моол их дэлгүүр, 2016 оны 6 дугаар сарын 1, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эх үрсийн баярыг тохиолдуулан Монгол улсын ууган үйлдвэр “Сүү” ХК-иас жил бүр хүүхэд багачууддаа зориулан “Аморе” фестивалыг зохион байгуулдаг билээ.

Макс Моол их дэлгүүрийн гадаа талбайд бүтэн өдрийн тайзны хөтөлбөртэйгээр явагдсан энэхүү арга хэмжээний үеэр “Сүү” ХК-ийн зүгээс хүүхэд багачууддаа зориулан амтат 1000 зайрмаг үнэгүй тарааж, эрч хүчтэй залуусын флаш моб, хөгжилтэй алиалагчийн тоглолт, хөгжөөнт тоглоомууд, хамтлаг дуучдын урлагийн тоглолт, “Circus Mongolia Khadgaa” болон үндэсний циркийн үзүүлбэрүүд, УДЭТ-ын тоглолт, “My Little Pony” хүүхдийн жүжиг тоглогдохоос гадна “Бяцхан хатагтайн хүүхэлдэйн театр”-т үлгэрийн баатрууд амилан, бөөн бөөн сюрпризээр дүүрэн байж, хүрэлцэн ирсэн зочдоо огтхон ч уйдаасангүй.

Мөн эцэг эхчүүдийн дунд зайрмагны мангас шалгаруулах тэмцээн, хүүхдүүдийн дунд шүлэг, дуу, бүжгийн уралдаан зохиогдож, Tigerfish амьд хөгжмийн хамтлаг, дуучин Ану, Отгонбаяр, Цэкү, Билгүүн зэрэг хамтлаг дуучид ая дуугаа өргөж, алиалагч Нурбулан болон түүний нөхөд циркийн, илбийн үзүүлбэрээ багачууддаа толилуулан, “Авьяас” хүүхдийн ордны 50 хүүхдийн бүрэлдэхүүнтэй хамтлаг бүрэн хэмжээний тоглолтоо сонирхууллаа.

“Сүү” ХК-ийн зүгээс хүүхэд багачууддаа зориулан барьсан бэлгүүд үүгээр дуусаагүй бөгөөд Монгол улсын Хүүхэлдэйн театр, “Ховс” нэгдэл, “Монгол донж” бүжгийн хамтлаг, Universe best songs болон Cock’n beat наадмын шилдэг оролцогчдын тоглолт зэрэг сонирхолтой, содон арга хэмжээнүүдээр энэхүү фестивал маань сюрприз дүүрэн үргэлжилсэн юм.

Хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг болсон энэхүү фестивал хүрэлцэн ирсэн бяцхан үрсийн инээд баясал, хөөр хөгжөөнөөр дүүрэн болж өндөрлөлөө.   

Сэтгэгдэл үлдээх