“Сүү” ХК-ийн санаачилгаар хоёр жилийн өмнө Хүнс, Технологийн Политехник Коллежтой байгуулсан санамж бичгийг дахин шинэчлэн, баталгаажууллаа.  Санамж бичигт “Сүү” ХК-ийг төлөөлөн Гүйцэтгэх захирал М.Болод, Хүнс, Технологийн Политехник Коллежийг төлөөлөн Технологийн дээд сургууль, Хүнс, Технологийн Политехник Коллежийн Ерөнхий Захирал Б.Бат-Эрдэнэ нар үзэглэсэн юм.

Талуудын хамтын ажиллагааны хүрээнд тус коллежийн оюутнууд сүүний үйлдвэрт мэргэжлийн дадлага хийж, ур чадвараа дээшлүүлэн, ажлын байраар хангагдаж байгаа бол “Сүү” ХК-ийн ажилтнууд тус сургууль чадавхжуулах сургалтуудад хамрагдах зэргээр олон талт, үр дүнтэй үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Үзэглэлийн энэхүү өдөр “Сүү” ХК-ийн 19 ажилтан “сүү боловсруулах үйлдвэрлэлийн технологийн ажилтан” чиглэлээр нэг жил амжилттай суралцаж, төгсөн, мэргэжлийн үнэмлэхээ хүлээн авлаа.    

Үндэсний үйлдвэрлэл, салбартаа чанартай боловсон хүчний тоог нэмэгдүүлэх, бэлтгэхэд хувь нэмрээ оруулах төдийгүй, ирээдүйд сүү, сүүн бүтээгдэхүүний салбарыг авч явах залуу мэргэжилтэн, боловсон хүчнүүдэд олон улсын түвшний мэдлэг боловсрол олгож, чадавхжуулах зорилготой энэхүү хамтын ажиллагаа нь “Сүү” ХК-ийн нийгмийн хариуцлагын тэргүүн зорилтуудын нэг юм.

Сэтгэгдэл үлдээх