“Сүү” ХК тогтвортой бэлтгэн нийлүүлэлтийг дэмжих бодлогынхоо хүрээнд Улаанбаатар хотын дүүргүүд, Төв аймгийн сумдад сүүний чиглэлийн үхрийн аж ахуй эрхлэн, үйлдвэрүүдэд түүхий сүү нийлүүлдэг малчид, хоршоо, фермерүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, сүргийн эргэлт хийж, сүүний гарцыг жилийн дөрвөн улиралд жигд, тогтвортой хадгалах, фермерүүдийн орлогыг нэмэгдүүлэх, түүнчлэн мэргэжлийн зоотехникч бэлтгэх зэрэг олон талт чиглэлээр “Малын удмын сангийн үндэсний төв”-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ.
Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, “Малын генетик нөөцийн тухай” хуулийн хэрэгжүүлэлтэд хувийн хэвшлийн байгууллагуудын зүгээс хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийн зэрэгцээ стратегийн хүнсний бүтээгдэхүүний түүхий эдийг тогтвортой, эх дэлхийд ээлтэй байдлаар бэлтгэн нийлүүлэх нь үйлдвэрлэгчдийн хувьд анхаарал хандуулах нэн чухал үйл ажиллагаа болоод байна.