“Сүү” ХК нь 8-р сарын 2-нд 2021 оны 2-р улирлын Санхүү, Үйл ажиллагааны тайлангаа Монголын Хөрөнгийн Биржийн фейсбүүк хуудсаар шууд дамжуулан, хувьцаа эзэмшигч, харилцагч, хэрэглэгчдэдээ хүргэлээ.
Тайлангийн голлох үзүүлэлтүүдээс дурдвал, цэвэр борлуулалт өмнөх оны мөн үеэс 33% өсөж, 51.1 тэрбум ₮-т хүрсэн бол цэвэр ашгийн хэмжээ 184% өсөж, 5.9 тэрбум ₮-т хүрлээ. Мөн 2021 оны эхний хагас жилд 3.6 тэрбум ₮-ийн хөрөнгө оруулалт хийсэн нь өмнөх оноос 2 тэрбум ₮-өөр өссөн үзүүлэлт юм.

Цэвэр ашиг 184% өсөж, 5.9 тэрбум ₮-т хүрэхэд борлуулалтын өсөлт 63%-ийн нөлөө үзүүлсэн бол зардлуудын хэмнэлт 47% нөлөө үзүүлсэн байна.
“Сүү” ХК нь 2021 онд нийт 13.6 тэрбум ₮-ийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буй бөгөөд үүний голлох хэсэг нь тоног төхөөрөмжийн хүчин чадал нэмэгдүүлэх, шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэлтэд зориулагдах юм.
Хувьцааны ханш 2020 оны эцэстэй харьцуулахад 6 сарын дотор нийт 16.6% өссөн байна. Ингэснээр компанийн үнэлгээ 11.7 тэрбум ₮-өөр нэмэгдэж, 82.2 тэрбум ₮ болов.
2021 оны жилийн эцэс гэхэд “Сүү” ХК нь 13.7 тэрбум ₮-ийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөж байгаа бөгөөд эхний хагас жилийн байдлаас дүгнэвэл энэхүү төлөвлөгөөгөө 105%-аар биелүүлэх боломжтой байна.
Тайлант хугацаанд компани энэ онд төлөвлөөд буй таван хоршооныхоо хоёрыг “Ар Гүнтийн Рашаан” болон Баянчандмань суманд “Илт оргил” хоршоо нэртэйгээр малчид, фермерүүд, Төв аймгийн ЗДТГ-тай хамтран байгуулав.
Түүнчлэн, импортын зайрмагаас илүү сайн чанартай, сайхан амттай, монгол үнээний цөцгийгөөр баяжуулсан “Аморе” брэндийн пломбир зайрмагууд, БНСУ-ын “Минифорс” хүүхэлдэйн киноны контентод суурилсан бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн эхний цуврал болох тараг, зайрмагийн төрлүүд, бүсгүйчүүдэд зориулсан “Гоофит” брэндийн цангис, овьёостой төрлийг зах зээлд нэвтрүүлэн, худалдаанд амжилттай гаргалаа. Ирэх хагас жилд мөн төлөвлөгөөт шинэ бүтээгдэхүүнүүдийнхээ хөгжүүлэлтийг гүйцэтгэж байна.





