Тоонот гэрт толгой холбож нэгэн жарныг хамтдаа туулсан азай буурлууд очир эрдэнийн хуримыг бэлгэшээн тэмдэглэсээр энэ цагийг хүрсэн уламжлалтай.

Өнөөдөр буюу шинэ оны эхний өдөр очир эрдэнийн хоёр ч хурим боллоо. Тухайлбал, 61, 67 жил ханилсан буурлууд очир эрдэнийн хуримын ёслолоо үр хүүхэд, ач, гуч нарынхаа хамт Гэрлэх ёслолын ордонд хүндэтгэлтэйгээр тэмдэглэв.

Энэ сайхан өдрийг тохиолдуулан “Сүү” ХК-ийн хамт олны зүгээс азай буурлууддаа 2023 оны анхны бүтээгдэхүүнийхээ дээжийг өргөн барилаа.

Тав дахь үеэ үзэж буй хуримын эзэд маань үр хүүхэд, ач зээ нартаа эрдэм боловсролыг эрхэмлэн дээдэлж явахыг захисан юм.

“Сүү” ХК-ийн тухайд

Монгол Улсын ууган үйлдвэр “Сүү” ХК нь 1958 онд нийслэлийн хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор 30 тонн сүү боловсруулах хүчин чадалтайгаар анх байгуулагдаж байсан түүхтэй. Эдүгээ бид 500 гаруй ажилчинтай, хоногт 130-180 тонн сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтайгаар 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн 4000 цэгт хүрч, зах зээлд нийлүүлж байна. Бид Улаанбаатар хот орчим болон Төв, Дархан, Сэлэнгэ, Орхон, Хэнтий аймгуудын нийт 30 гаруй чиглэлийн 2500 гаруй малчид, фермерүүдээс жилийн дөрвөн улирал тасралтгүй сүүгээ цуглуулан авдаг. 2021 оноос малчдыг хоршоожуулах хөтөлбөр хэрэгжүүлж, өдгөө 12 малчны хоршоо байгууллаа. Ирэх 2023 онд 10-13 орчим хоршоог шинээр байгуулахаар төлөвлөсөн юм. Түүнчлэн 2015 онд “Макс Агро” эрчимжсэн мал аж ахуйн фэрмийг байгуулж, тус чиглэлээр салбартаа тэргүүлж байна.

Сэтгэгдэл үлдээх