Сүү ХК “Топ 100” аж ахуйн нэгжийн шалгууруудыг өнгөрөгч онд амжилттай биелүүлж, дахин “Топ 100” ААН-д эрэмбэлэгдэн, “Бизнесийн эрхэмсэг оршихуйн титэм өргөмжлөл”-өөр шагнагдлаа. Монгол улсын стратегийн хүнс үйлдвэрлэгч, сүү, сүүн бүтээгдэхүүний ууган үйлдвэр Сүү ХК нь хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн, чанартай, эрүүл бүтээгдэхүүнээр хангах үүргээ 60 жилийн турш хором бүрд хариуцлагатайгаар биелүүлж, төлөвлөгөө зорилтуудаа амжилттай ахиулсаар байна.
2018 онд Сүү ХК борлуулалтаа өмнөх оноос 34%-иар нэмэгдүүлж, сүү бэлтгэлийн 30 гаруй чиглэлийн 2500 гаруй бэлтгэн нийлүүлэгч, фермерүүдээс 18,1 сая литр сүү татан авч, 19,5 тэрбум төгрөгийн хөрөнгө бүрдүүлэх боломж олгосон. Улсын төсөвт төвлөрүүлсэн нийт татвар мөнгөн дүнгээр өмнөх оноос 108 хувиар өсөж, 2,85тэрбум төгрөгт хүрсэн. Мөн компанийн нийт хуримтлагдсан ашгийн дүнгээс 2017 онд нэгж хувьцаанд 3 төгрөг буюу нийт 1,03 тэрбум төгрөгийн ногдол ашгийг олгож, хувьцаа эзэмшигчдийн өгөөжийг нэмэгдүүллээ. Хувьцаа эзэмшигчдийн тоо тус онд 1820 болж өссөн нь компанийн богино болон дунд хугацааны стратеги зорилтууд амжилттай биелснийг харуулж байгаа юм.
2018 онд тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд олон зорилт гүйцэтгэснээс танилцуулбал, “Сүүгээр эрүүлжье” хөтөлбөр, “Эрүүл ирээдүйн төлөө утааны эсрэг хамтдаа” аян, “Ногоон гэрэл цагаан шугам” аян, мөн бэлтгэн нийлүүлэгчдийг чадавхжуулах хөтөлбөрүүдийг дурдаж болохоор байна. Түүнчлэн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүндээ байгальд ээлтэй савлагаа ашиглахыг эрхэмлэн ажиллаж байгаагаа дуулгахад таатай байна. Сүү ХК 2019 онд эх хүүхдийн эрүүл мэндийн чиглэлийг нийгмийн хариуцлагын цөм зорилт болгосон ба тухайн чиглэлийн бусад байгууллагуудтай нээлттэй хамтран ажиллахаар төлөвлөж байна.
Сүү ХК “Топ 100” ААН-д шалгарсан энэхүү үзүүлэлт нь компанийн үнэ цэнийг бүрдүүлж буй хэрэглэгчид болон 2500 гаруй бэлтгэн нийлүүлэгч фермерүүд, Улаанбаатар хот, хөдөө орон нутагт үйл ажиллагаагаа эрхлэн, бидэнтэй мөр зэрэгцэн ажиллаж буй 3000 гаруй харилцагчид, компанийн 400 гаруй ажилтан, хөрөнгө оруулагчид та бүхний хичээл зүтгэлийн үр дүн юм.