
“Сүү” ХК нь 2019 оноос хойш орон нутгийн хоршооны системийн хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч ажилласаар байгаа билээ. Үүний хүрээнд Төв аймгийн Батсүмбэр суманд олон улсын стандартад нийцсэн хөргөлт бүхий сүү хүлээн авах “Баянтолгой хоршоо”-г байгууллаа. Тус хоршоо нь Япон улсын туршлагыг нэвтрүүлж байгуулагдсанаараа онцлогтой юм.
Хоршоог хөгжүүлснээр хэрэглэгчдийн гар дээр чанартай сүү, сүүн бүтээгдэхүүн хүрэх нөхцөл улам баталгаатай болж байгаа юм. Мөн орчин үеийн технологид түшиглэснээр хүнсний аюулгүй байдалд эерэг нөлөөтэй гэж “Сүү” ХК-ийн Үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Д.Бямбажав онцоллоо.

Түүнчлэн нэгдсэн хоршоотой болсноор малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх боломж бүрдэж буй. Урт хугацаа зарцуулан гар аргаар хийдэг байсан ажлыг хоршооны тусламжтайгаар хийх нь бүтээмжийн хурдыг нэмэгдүүлнэ. Жишээлбэл малчид саасан сүүгээ хоршоондоо өгөх, хоршоо нь “Сүү” ХК-ийн стандартын хөргүүрт сүүг хүргэж, хүлээлгэн өгөх юм. Ингэснээр саальчдын цаг хугацаа, зардлыг хэмнэх өндөр ач холбогдолтой аж.
Батсүмбэр сумын засаг дарга Д.Ганболд “Хуучин цагт малчид тус тусдаа сүүгээ өгдөг байсан бол одоо хоорондоо ажлаа хамтарч хийх, малын тэжээлээ хамтарч тэжээлээ тарих боломж бүрдэж байна. Мөн тэжээлийн үйлдвэр гэх мэт байгуулагдахаас эхлээд сум орон нутгийн эдийн засгийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулна гэж харж байна” гэв.
Өндөр хөгжилтэй улс орнууд жилийн дөрвөн улиралтай газрууддаа хоршооны системийг хөгжүүлдэг. Харин Монгол Улсын хувьд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, тэр дундаа сүү, сүүн бүтээгдэхүүний нөөц боломж хангалттай сайн боловч тэдгээрийн чанар стандартад анхаарах шаардлагатай тулгардаг. Иймд дэвшилтэт технологи ашиглан илүү бүтээмжтэй, хурдтай болгох нь чухал гэж “Макүбэцү” Хөдөө аж ахуйн хоршооны төлөөлөгч М.Ракүяама хэллээ.

Япон улсын сэрүүн уур амьсгалтай Хоккайдо муж нь манай улсын хөдөө аж ахуйн салбарт тулгамддаг асуудлуудыг бүгдийг нь шийдэж чадсан ажээ. Тиймдээ ч хоршоо байгуулах ажлын судалгааг тус мужаас үлгэр жишээ аван хийсэн аж. Тийнхүү Японы арга барилыг манай улсад нутагшуулахаар хоёр улсын мэргэжилтнүүд хамтран ажиллаж байгаа юм.
Өдгөө 64 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй Монгол Улсын сүүний ууган үйлдвэр “Сүү” ХК нь салбартаа сүү бэлтгэлийн хамгийн том нэгдсэн системтэй ажиллаж байна.