
“Сүү” ХК нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-ны Тогтвортой хөгжлийн шагналын GENDER and ECONOMIC INCLUSION төрөлд GOLD AWARD хүртсэн бөгөөд “Сүү” ХК-ийн Гүйцэтгэх Захирал М.Болод, Маркетинг, Борлуулалт хариуцсан дэд захирал Г.Пэлжидмаа болон “Сүү” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, “Макс” Группийн Санхүүгийн газрын захирал Д.Тунгалаг нар Марроко улсын Марракеш хотноо очиж, хүлээн авлаа.
“Сүү” ХК, ЕСБХБ, Хас банкны хамтарсан зээлийн санхүүжилтээр 2019 оноос хойш үйлдвэрлэлээ өргөжүүлэн тэлэх, дэд бүтцээ сайжруулах, өнөөдрийн болон ирээдүйн үр дүнд хүрэх олон чухал төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсээр байна. Санхүүжилтээс гадна ЕСБХБ-ны Европын Холбооны санхүүжилттэй чадавхжуулах хөтөлбөрүүдэд хамрагдаж, компанидаа 2020 оноос хойш жендерийн тэгш боломжийг хангах тал дээр PwC компанийн зөвлөх үйлчилгээг авч хэрэгжүүлэн, “Жендерийн хороо” байгуулж, үйл ажиллагаагаа сайжруулсаар байна. Төслийн хүрээнд сүү бэлтгэн нийлүүлэгч эмэгтэй фермерүүдийн хөдөлмөрийн нөхцөлийг дэмжих зорилготой хоршоо байгуулах үйл ажиллагааг идэвхжүүлснээр ЕСБХБ-ны Тогтвортой хөгжлийн GENDER and ECONOMIC INCLUSION шагналыг хүртсэн юм.
Түүнчлэн, “Сүү” ХК НҮБ-ын Эмэгтэйчүүдийг Чадавхжуулах зарчимд нэгдэж, Монгол улсаас тус зарчимд нэгдэж буй анхны үйлдвэр болсон. Компанийн зүгээс оролцогч бүхий л талын түвшинд жендерийн тэгш байдалд анхаарах олон ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.