
“Сүү” ХК болон “Юнайтед Аллианс” ХХК-ийн хамтран хэрэгжүүлсэн “Саятан саальчин” хөтөлбөрийн нээлттэй өдөрлөг энэ сарын 15-ны өдөр зохион байгуулагдлаа.
Өдөрлөгийн үеэр “Юнайтед Аллианс” ХХК-ийн залуус “Сүү” ХК-ийн төв байранд U-Point аппликейшны бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулав. Хоёр тал “Саятан саальчин” хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлуудаа дүгнэж, технологид суурилсан хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо. Мөн энэ үеэр зохион байгуулагдсан асуулт хариултын бяцхан тэмцээнд идэвхтэй оролцсон “Сүү” ХК-ийн дөрвөн ажилтанд гарын бэлэг гардуулсан юм.
Хэрэглэгчдийн хэрэглээг сонирхолтой байдлаар урамшуулж, технологийн хамтын ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор хөгжүүлсэн “Саятан саальчин” тоглоом бүхий хөтөлбөр нь арваннэгдүгээр сарын 6-наас арванхоёрдугаар сарын 18-ныг хүртэл дөрвөн үе шаттайгаар үргэлжилж, энэ хугацаанд:
- 1,000,000₮-ийн шагналт байранд 4 хэрэглэгч,
- 800,000₮-ийн шагналт байранд дөрвөн хэрэглэгч,
- 500,000₮-ийн шагналт байранд дөрвөн хэрэглэгч,
- 100,000₮-ийн шагналт байранд 24 хэрэглэгч,
- 50,000₮-ийн шагналт байранд 200 хэрэглэгч тус тус шалгарч, эрхийн бичгээ гардан авсаар байна.






“Сүү” ХК-ийн тухайд
Монгол Улсын ууган үйлдвэр “Сүү” ХК нь 1958 онд нийслэлийн хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор 30 тонн сүү боловсруулах хүчин чадалтайгаар анх байгуулагдаж байсан түүхтэй. Эдүгээ бид 500 гаруй ажилчинтай, хоногт 130-180 тонн сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтайгаар 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн 4000 цэгт хүрч, зах зээлд нийлүүлж байна. Бид Улаанбаатар хот орчим болон Төв, Дархан, Сэлэнгэ, Орхон, Хэнтий аймгуудын нийт 30 гаруй чиглэлийн 2500 гаруй малчид, фермерүүдээс жилийн дөрвөн улирал тасралтгүй сүүгээ цуглуулан авдаг. 2021 оноос малчдыг хоршоожуулах хөтөлбөр хэрэгжүүлж, өдгөө 12 малчны хоршоо байгууллаа. Ирэх 2023 онд 10-13 орчим хоршоог шинээр байгуулахаар төлөвлөсөн юм. Түүнчлэн 2015 онд “Макс Агро” эрчимжсэн мал аж ахуйн фэрмийг байгуулж, тус чиглэлээр салбартаа тэргүүлж байна.