“Сүү” ХК нь “Инвескор” ББСБ болон “Монголын Сүүний Нэгдсэн Холбоо” НҮТББ-тай сүүний чиглэлийн ферм эрхлэгчдэд жилийн 4,8%-ийн буюу бага хүүтэй зээл олгож, үйл ажиллагааг нь дэмжих зорилго бүхий гурван талт санамж бичиг байгууллаа. “Олны хүч” төсөл буюу тус санамж бичгийн хүрээнд “Монголын Сүүний Нэгдсэн Холбоо” НҮТББ-д бүртгэлтэй, Улаанбаатар хотын ойролцоох фермерүүдэд сүүний чиглэлийн үнээ худалдан авахад хүүгийн хөнгөлөлттэй зээлийг “Инвескор” ББСБ олгох ба тус зээлийг “Сүү” ХК хариуцаж, фермерийн өмнөөс сүүний төлбөрөөс зээл олгогчид төлөх зохицуулалттайгаар хэрэгжих юм.
Фермерүүдийн сүүний үнээний үүлдэр угсааг сайжруулах “Олны хүч” төслийн үр дүнд фермерүүдийн орлого бодитоор нэмэгдэх, сүүний үйлдвэрүүдэд нийлүүлэх түүхий сүүний хэмжээ нэмэгдэх, цаашлаад дотоодын органик сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өссөнөөр нийслэлчүүд төдийгүй суурин газруудын хэрэглэгчдийг эрүүл, чанар сайтай бүтээгдэхүүнээр хангах олон талт ач холбогдолтой.
Нэмж дурдахад, “Инвескор” ББСБ нь “Мөрөөдлөө Санхүүжүүл” уриатайгаар 2021 онд “Рио Тинто Монгол” ХХК–тай хамтран, ковид-19 халдварын нөлөөнд өртсөн ЖДҮ эрхлэгчид, ажлын байр олгогч бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийг эхлүүлэн, одоогийн байдлаар 1,3 тэрбум гаруй төгрөгийг 50 гаруй харилцагчдад хөнгөлттэй зээлийн санхүүжилт байдлаар олгоод байгаа аж. Энэ удаагийн гурван талт “Олны хүч” төслийг хэрэгжүүлэхээр эхлүүлж буйд сүүний чиглэлийн фермер эрхлэгчид төдийгүй “Сүү” ХК-ийн зүгээс талархалтай хандаж буйг илэрхийлье.