Өнгөрсөн 2022 оны 09 сарын 30-ны өдөр Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны Захирлуудын зөвлөлийн гишүүд Монгол улсад хийх айлчлалын хүрээнд “Сүү” ХК-д зочилж, үйлдвэр, үйл ажиллагаатай танилцлаа.

Эдгээр гишүүд нь тус банкны нийт 30 орны төлөөлөл бөгөөд таван хоногийн айлчлалын хүрээнд Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзаж, мөн хувийн хэвшлийн томоохон байгууллага компаниудтай уулзалт хийн тус улсын эдийн засгийн салбар дахь шинэчлэл ба тэргүүлэх чиглэлүүдийн талаар ярилцсан юм.

“Сүү”ХК-ийн удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр Монгол улсын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээний өнөөгийн байдал болон хүн амд чухал ач холбогдолтой стратегийн хүнсний хэрэглээг нэмэгдүүлэх боломж, түүнийг дагах бэрхшээл, энэхүү чиглэлээр “Сүү “ХК-ийн хэрэгжүүлж буй бодлого, төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл солилцон санал зөвлөмжөө харилцан илэрхийллээ.

Мөн хариуцлагатай бизнес болон тогтвортой хөгжил, ногоон үйлдвэрлэл, сүү бэлтгэн нийлүүлэгчдийг хоршоожуулах хөтөлбөр нь энэхүү уулзалтын чухал сэдвүүдийн нэг байлаа.

“Сүү” ХК нь ЕСБХБ-аас 2019 болон 2021 онуудад нийт хоёр удаагийн зээлийн санхүүжилт авч, үйлдвэрлэлийн шугамын болон дэд бүтэц, агуулах, сүү хүлээн авах хэсгийн өргөтгөлүүдийг хийгээд байгаа билээ.

Хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд Брэнд стратеги болон Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн чиглэлээр Олон улсын зөвлөхүүдээс үйлчилгээ авч өөрсдийн арга барил чиглэлд зөвлөмжүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгаагаа “Сүү”ХК-ийн зүгээс илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл үлдээх