
“Сүү” ХК нь Авлигатай тэмцэх газартай хамтран олон нийтийг авлигын эсрэг уриалан хамруулах олон чухал ажил хийж хэрэгжүүлсээр байна.
Тухайлбал, сүүлд авлигыг мэдээллэх “110” тусгай дугаарын сурталчилгааг борлуулалт түгээлтийн автомашинууддаа байршуулж, олон нийтэд сурталчилан таниулах ажил хэрэгжүүллээ. Мөн Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс зохион байгуулсан “Авлигын гэмт хэргийн шалтгаан нөхцөл” сургалтад “Сүү” ХК-ийн менежерүүд оролцож, тус сургалтаар сурсан мэдсэнээ ажил албандаа хэрэгжүүлж байна.

Авлигын бүх төрлийн хэлбэр зөвхөн төрийн байгууллага бус хувийн хэвшлийн компаниудад ил далд хэлбэрээр агуулагдаж буй талаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Х.Ихмөрөн “Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Болодтой уулзахдаа ярьсан юм. Иймд нийгмийн хөгжилд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг хоёр тал онцоллоо.
“Сүү” ХК-ийн тухайд
Монгол Улсын ууган үйлдвэр “Сүү” ХК нь 1958 онд нийслэлийн хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор 30 тонн сүү боловсруулах хүчин чадалтайгаар анх байгуулагдаж байсан түүхтэй. Эдүгээ бид 500 гаруй ажилчинтай, хоногт 130-180 тонн сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтайгаар 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн 4000 цэгт хүрч, зах зээлд нийлүүлж байна. Бид Улаанбаатар хот орчим болон Төв, Дархан, Сэлэнгэ, Орхон, Хэнтий аймгуудын нийт 30 гаруй чиглэлийн 2500 гаруй малчид, фермерүүдээс жилийн дөрвөн улирал тасралтгүй сүүгээ цуглуулан авдаг. 2021 оноос малчдыг хоршоожуулах хөтөлбөр хэрэгжүүлж, өдгөө 12 малчны хоршоо байгууллаа. Ирэх 2023 онд 10-13 орчим хоршоог шинээр байгуулахаар төлөвлөсөн юм. Түүнчлэн 2015 онд “Макс Агро” эрчимжсэн мал аж ахуйн фэрмийг байгуулж, тус чиглэлээр салбартаа тэргүүлж байна.